Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2019 оны 6-р сарын сүүлийн арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-07-21 15:12:29

Цаг агаарын нөхцөл

Температур:

     Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж температурын орчим байсан ба өмнөх хугацаанаас 1-3 градус сэрүүн байж Ханбогд, Баян-Овоо, Мандал-Овоо сумдын нутгаар 25 градус, Даланзадгад, Гурвантэс, Ноён, Хүрмэний нутгаар 19-20 градус, бусад нутгаар 21-22 градус дулаан байв.

Хугацааны эхээр болон сүүлчээр бороо орж сэрүүн байсан ба хугацааны дундуур хамгийн дулаан ажиглагдаж өдөртөө Булган, Мандал-Овоо сум болон нутгийн өмнөд хэсгээрээ 33-36 градус, бусад нутгаар 28-32 градус хүрч халан 30 градусаас их халуун өдрийн тоо Мандал-Овоод 9, зүүн болон өмнөд хэсгээрээ 4-5 өдөр, бусад нутгаар 2-3 өдөр ажиглагдлаа.

Хөрсний өнгөн хэсэгтээ нийт нутгаар 27-30 градус байсан ба өдөртөө нийт нутгаар 58-61 градус хүрч халав.

Салхи:

Нийт нутгаар аадар борооны өмнө нөөлөг салхины хурд Цогт-Овоо, Даланзадгад, Гурвантэс, Манлай сумдын нутгаар 20-23м/с, бусад нутгаар 10-18 м/с хүрч салхиллаа. 10 м/с дээш салхитай өдөр Булган, Цогтцэцийд 8-9 өдөр, бусад нутгаар 3-6 өдөр байлаа.    

Хур Тунадас

Хугацааны эхээр буюу 21-23-нд ихэнх нутгаар, 29...30-нд зарим нутгаар аадар бороо оров. Нутгийн баруун хэсгээрээ илүү тунадас өгсөн ба Ноёнд 56мм, Баяндалайд 44мм, Гурвантэс, Сэврэй, Хүрмэний нутгаар 24-28мм, Даланзадгад, Цогтцэцийн нутгаар 13-14мм, бусад нутгаар 0-8мм тунадас орлоо. Харин нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орсонгүй.

ХАА-н үйлдвэрлэл, бэлчээрийн хүрэлцээ

Ихэнх нутгаар бод мал төллөх, хонь тэмээний ноос хяргах ажил үргэлжилж, Гурвантэсд мал оторлох ажил эхлээд цаг агаар тохиромжтой нөлөөтэй байна.

Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт сайн, зуншлага сайтай байна. Харин нутгийн хойд болон зүүн хэсгээр ургамал үзүүрээсээ шарлаж хатан гэмтэж ургалтын байдал удаашрах төлөвтэй болоод байна.  

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Манлайд 16см, Булган, Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдын нутгаар 7-9 см, бусад нутгаар 4-5см байгаа бөгөөд ургамлын үе шат хэвийн явагдаж үетэн ургамал толгойлж эхлээд байна. Нэг ц/га-аас авах ургацын хэмжээ Булган, Гурвантэс, Манлай, Цогтцэций сумдын нутгаар 0,4-0,7, бусад нутгаар 0,1-0,3 ц/га байна.

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бод малын тарга хүч 70-90 хувь нь дунд болон дундаас дээш, 10-20 хувь буюу төлөлсөн эх мал дундаас доогуур,  харин бог малын  тарга хүч 60-70 хувь нь дунд болон дундаас дээш, 20-30 хувь нь буюу эх мал болон төлөг борлон голдуу дундаас доош тарга хүчтэй байгаа ч ерөнхийдөө малын тарга хүч боломжийн сайн байгаа ч Гурвантэс, Баяндалай, Хүрмэний малын тарга хүч бусдаасаа арай муу байна.    

Ил задгай устай болсон, худаг нэмж гаргаснаар усан хангамж сайжирч байгаа хэдий ч Баян-Овоо, Баяндалай сумдын нутгаар мал усандаа ханахгүй муухан байсаар байна

Дүгнэлт

  • Нутгийн баруун хэсгээр бороо орж зуншлага сайжирлаа. Хамгийн их нь Ноёнд 56мм, Баяндалайд 44мм, Гурвантэс, Сэврэй, Хүрмэний нутгаар 24-28мм орж ургамлын ургалт сайжирч байна.  
  • Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж температурын орчим байсан ба өмнөх хугацаанаас 1-3 градус сэрүүн байж Ханбогд, Баян-Овоо, Мандал-Овоо сумдын нутгаар 25 градус, Даланзадгад, Гурвантэс, Ноён, Хүрмэний нутгаар 19-20 градус, бусад нутгаар 21-22 градус дулаан байв.
  • Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Манлайд 16см, Булган, Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдын нутгаар 7-9 см, бусад нутгаар 4-5см байгаа бөгөөд ургамлын үе шат хэвийн явагдаж үетэн ургамал толгойлж эхлээд байна. Нэг ц/га-аас авах ургацын хэмжээ Булган, Гурвантэс, Манлай, Цогтцэций сумдын нутгаар 0,4-0,7, бусад нутгаар 0,1-0,3 ц/га байна.

ХААЦУ-ын инженер Ш.Уранчимэг