Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2022 оны 7-р сарын дунд арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-08-08 16:16:14

Температур:

Энэ арав хоногт агаарын дундаж температур Баяндалай, Номгоны нутгаар ОЖД-аас 2 градусаар дулаан, бусад нутгаар ОЖД-ын орчим байлаа. Баян-Овоо сумын нутгаар 26 градус, Булган, Ханбогд, Баяндалай, Мандал-Овоо, Номгон сумдын нутгаар 25 градус, бусад нутгаар 22-23 градус дулаан байв.

Булган, Мандал-Овоо, Ханбогд, Баян-Овоо сумдын нутгаар 6-8 өдөр 30 градусаас их халсан бол бусад нутгаар 4-5 өдөр 30 градусаас дээш халсан бана. Хамгийн их халуун нь 17,18-ны өдөр ажиглагдаж Булган, Мандал-Овоо, Ханбогд, Баян-Овоо сумдын нутгаар 35-36 градус, бусад нутгаар 28-33 хүрч халлаа. Харин шөнөдөө нийт нутгаар ихэнх хугацаанд15-22 градус байлаа.

            Хөрсний гадаргын дундаж температур Цогт-Овоо, Гурвантэс, Манлай, Ханбогд, Номгоны нутгаар ОЖД-ын орчим, Булган, Даланзадгад, Баяндалай, Мандал-Овоо, Ноёны нутгаар 5-8 градус, бусад нутгаар 2-3 градус дулаан буюу 28-36 грудус байлаа. Үнэмлэхүй хамгийн их нь Хүрмэн, Номгоны нутгаар 38-48 градус, бусад нутгаар 55-63 градус, хамгийн бага нь 10-13 градус байлаа. Нийт нутгаар 8-10 өдөр 40 градусаас давж халсан байна.

Тунадас:

Энэ хугацаанд 11,15,19-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр үе үе аадар бороо орсон ба Номгонд 2,9мм, Даланзадгад, Цогтцэций сумдын нутгаар 1,5 мм, Цогт-Овоо, Манлай, Ноён сумдын нутгаар 0,7-0,8мм, бусад нутгаар 0,0-0,5мм тунадас орлоо. Агаарын харьцангүй чийг нийт нутгаар 22-38 хувь байв.

Салхи:

Ихэнх хугацаанд салхи багатай өдрүүд байсан боловч борооны өмнө салхины хурд ихсэж Даланзадгад, Гурвантэс сумдаар 20м/с, Манлай, Цогт-Овоо, Булган, Ханбогдын нутгаар 17-18м/с, бусад нутгаар 10-14 м/с хүрэв. 10м/с-ээс их салхитай өдөр ихэнх нутгаар 4-6 өдөр ажиглагдлаа.

Бэлчээрийн ургамал, ХАА-н үйлдвэрлэл.

Ихэнх нутгаар чийг бага, агаар болон хөрсөндөө хэт халснаас бэлчээрийн ургамлын ургалт удаан, үзүүрээсээ шарласан, шүүс бага болж хорчийж хатсан, үе шат явагдахгүй байдалтай байна. Хатаж гэмтсэн үзүүр хугарч унаснаас ургамлын өндөр буурч байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Манлайд 15см, Цогтцэций суманд 11см, Булган, Даланзадгад, Ханбогд, Хүрмэний нутгаар 6-8см, бусад нутгаар 1-2см байна.

Нутгийн баруун хэсэг буюу Гурвантэс, Ноён, Сэврэй сумд, Хүрмэн, Баяндалай сумдын зарим нутгаар зуншлага муу бэлчээр хүрэлцэхгүй байна.

Нийт нутгаар мал хөнгөлөх, отор нүүдэл хийх, сүү сааль бэлтгэх ажил хийгдэж байна. Булган, Гурвантэс, Баяндалай, Мандал-овоо, Цогтцэций сумдаар хонь ноослох ажил дуусаж бусад нутгаар үргэлжилж  байна. Цогт-овоо, Даланзадгад, Гурвантэс, Манлай, Баяндалай, Баян-овоо, Ноён сумдын малчид отор нүүдлээр явсаар байна. Ихэнх нутгаар цаг муу байгаагаас сааль сүү саах ажил багахан явагдаж байгаа ба Цогтцэций сумын малчид сааль сүүгээ бэлтгэж эхэлжээ. Энэ хугацаанд салхи шороон  шуурга бага. ХАА-д тааламжтай  өдрүүд байлаа. ХАА-н ажил саатсан, мал бэлчээрлээгүй өдөр гарсангүй.

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар малын тарга хүч муудаагүй, дунд зэрэг буюу дундаас дээш боломжийн тарга хүчтэй байна. Цогт-Овоо, Гурвантэс, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Ноёны нутгаар малаа холоос тууж усладаг, худгийн ундрага шавхагдаж мал усандаа ханахгүй муухан байсаар байна. Бусад нутгаар усан хангамж боломжийн сайн байна.