Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-НИЙ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-04-23 17:55:44

 

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-НИЙ БАЙДЛААР)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Өмнөговь аймгийн хэмжээнд зуншлагын байдал нийт нутгийн 10-20 орчим хувьд сайн, 20-30 хувьд дунд зэрэг, 60 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна.

10 сарын 2,8, 11 сарын 8,28-ны өдрүүдэд зарим газраар цас орж 11 дүгээр сарын 30-ны цасан бүрхүүлийн мэдээгээр нутгийн 5-10 хувьд цастай байгаа ба Булган, Баяндалай, Ноён, Цогт-Овоо сумдын нутгаар дунджаар 0-3 см, гуу жалгандаа 5см зузаан цастай байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

Өмнөговь аймгийн хувьд цас шуурч хийсэх, мөн өдөртөө хайлснаас цасан бүрхүүл удаан тогтож бэлчээрийн өвс дарагдах хүндрэл бага байдаг. Энэ жил ч ийм хүндрэл гараагүй байна.  Харин зуншлага муу байж бэлчээр хүрэлцээгүй байгаагаас МАА-д хүндрэлтэй байна.

11 дүгээр сарын сүүлчээр эрс хүйтэрсэн, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ нарийвчлагдаж гарсан тул бид зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргав.

 

2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 шахам хувьд их (10% нэн их, 40% их), 30 гаруй (33%) хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа.

Нутгийн зүүн хэсгээс бусад нутгаар эрсдэлтэй гарсан ба Зуд болох нэн их эрсдэлтэй, их эрсдэлтэй сумдад  Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн  сумд хамрагдаж байна. Бусад нутгаар дунд зэргийн эрсдэлтэй байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан зүүн болон төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа Нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ӨМНӨГОВЬ УЦУОШТ

2022-12-02