Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:24:55

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 02 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Өнгөрсөн зуны зуншлагын байдлын 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд муу гэсэн үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна (tsag-agaar.gov.mn).

Цасан бүрхүүлийн мэдээгээр 1 дүгээр сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд буюу Гурвантэс, Сэврэй, Ноён, Баяндалай сумдын уулархаг хэсгийн жалга судаагаар 5-10см зузаан, хээр хөдөөгүүрээ 0-1см зузаан алаг тарлан цастай байгаа бол Манлай, Мандал-Овоо, Сэврэй сумдад бага зэргийн тарлан цастай, бусад нутгаар цасан бүрхүүлгүй  байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10,20,30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд нийт нутгаар тал газартаа цасгүй, бага зэргийн орсон цас өдөртөө хайлсан ба шуурч уулын жалга судаандаа орсноор мал бэлчээрлэлтэнд саад учируулахгүй, харин ч малын амны усанд таатай нөлөөтэй байна.

2023 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар шинэчилж гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд их, 70 орчим хувьд нь дунд зэрэг, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл нийт нутгаар эрсдэл өндөр байж хаваржилт хүндрэхээр байна.

Хэдийгээр цасан бүрхүүлийн дарамт байхгүй ч өнгөрсөн жил гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, эрт цас орсон, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн, 12 сарын үе үеийн хүчтэй салхи, шуурганаас шалтгаалан өвөлжилт, хаваржилтийн байдал хүндэрч болзошгүй байгаагаас үүдэн эрсдэл өөрчлөгдөх тухай бүрт УЦУОСМХ-ээс зургийг шинэчлэн гаргаж, зудыг эртнээс сэрэмжлүүлж, мэдээлж байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС.

ӨМНӨГОВЬ. УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ