Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-04-28 19:36:54

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удаашран үе шат явагдахгүй, зарим зүйлийн ургамал ургахгүй өнжиж зуншлага муу гандуу, гантай байсаар байна.

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар бэлчээрийн ургамал олон жилийн дунджаас 30-40 хоног оройтож цухуйсан ба 7 дугаар сарын сүүлчээр аадар бороо орж нийт нутгаар ургамлын ургалт сэргэн сонгинолог ургамлын ургалт сайжирсан. 8 дугаар сард хур тунадас бага байгаагаас бэлчээрийн ургамал хатах төлөвтэй болоод байна.  

2023-2024 оны өвөлжилт хаваржилтийн бэлчээрийн даац багтаамжийг аймгийн хэмжээнд тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

3,2 % - Бэлчээрийн нөөцтэй

10,2 % - Бэлчээр хүрэлцээтэй

26,8 % - Даац 1-3 дахин хэтэрсэн

11,9 % - Даац 3-5 дахин хэтэрсэн

48,0 % - Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 10 гаран хувьд хүрэлцээтэй байхаар, харин 80 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Сум, багийн дүнгээр авч үзвэл:

  • Цогт-Овоо сумын нийт нутгаар, Булган сумын Дал баг, Ханхонгор сумын Жаргалант, Хондот баг, Цогтцэций сумын Билгэх баг, Манлай сумын Өгөөмөр багийн нутгаар бэлчээр хүрэлцээтэй байна.
  • Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай сумдын нийт нутаг, Хүрмэн сумын Тулга баг, Булган, Даланзадгад сумын төв хэсгээр, Номгон сумын зүүн хэсгээр буюу Эмгэнбулаг, Богт баг, Баян-Овоо сумын хойд хэсэг болох Налих, Могой баг, Манлай сумын Жаргалант баг, Ханбогд сумын хойд хэсгээр буюу Гавилууд, Баян багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан байна.
  • Булган сумын Дэн баг, Мандал-Овоо сумын Мандал баг, Хүрмэн сумын Хүрмэн баг, Номгон сумын Хармагтай баг, Баян-Овоо сумын Харзаг баг, Ханбогд сумын Номгон багийн нутгаар 3-5 дахин (улбар шар), бусад нутгаар 1-3 дахин (шар) хэтэрч бэлчээр хүрэлцэхгүй хэмжээнд байна.

 

Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байна.

Бэлчээр хүрэлцээтэй гарсан зарим нутгаар таана, хөмүүл их ургасан нь даац багтаамжид эерэгээр нөлөөлсөн байж болох тул өвөлжилтийн бэлтгэл байдалд харгалзан үзэж тооцно уу.

 

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН.

 ӨМНӨГОВЬ АЙМАГ УЦУОШТ

2023-08-30